Чойбалсан хот

DCIM100MEDIADJI_0008.JPG
DCIM100MEDIADJI_0008.JPG
DCIM100MEDIADJI_0010.JPG
DCIM100MEDIADJI_0010.JPG

Дорнод аймгийн төв Чойбалсан хот хойд талаараа Адуунчулууны нүүрсний уурхай, урд талаараа Хэрлэн гол, баруун, зүүн талаараа жижиг гүвээ толгодоор хүрээлэгдсэн 28,3 мянган га талбай бүхий нутагтай, уртаашаа 20 км сунаж тогтсон манай улсын том хотын зэрэглэлд ордог хот юм.
Монгол улсын шинэ үндсэн хуулинд Монгол улсын Засаг захиргааны нэгж аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо байна гэж заасны дагуу 1994 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Чойбалсан хот нь Хэрлэн сум болон зохион байгуулагджээ.Чойбалсан хот нь засаг захиргааны нэгж Хэрлэн суманд харъяалагддаг ба Хэрлэн сум нь 10 багтай, 12,0 мянган өрх, 41,7 мянган хүн амтай, нийт хүн амын 48 хувь нь төвлөрсөн хангамжтай орон сууцанд амьдардаг.
Анх 1821 онд Халхын Сэцэнхан Шолойн удмын Минжүүрдорж бэйсийн санаачилгаар шашин номын жасаа болон хошуу Тамгын газар бүхий сууринг барьж байгуулан шавыг тавьж, 1826 онд жасаа, Тамгын газар баригдаж байжээ.
Улмаар 1923 онд Ардын засгийн газраас баталсан тогтоол, дүрмийн дагуу Баянтүмэн Хан–Уулын хошууны төв, 1931 оноос “Баянтүмэн” аймгийн төв, 1938 оноос БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Баянтүмэн хотын захиргааг байгуулах шийдвэр гарч, одоогийн Чойбалсан хот анх үүсэн байгуулагдсан байна. Ардын Хувьсгалын 20 жилийн ойгоор буюу 1941 онд Чойбалсан хот болон өөрчлөгдсөн.
1939 оны Халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайны хүнд жилүүдэд эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалах ариун үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, тэмцэл, ялалтын найдвартай ар тал болж, иргэнийхээ үүргийг нэр төртэй биелүүлсэн Чойбалсан хотын иргэд, хөдөлмөрчид, Баянтүмэнгийн цэргийн хүрээний анги нэгтгэлүүдийн түүхэн гавъяа, хотынхоо бүтээн байгуулалтад хүч хөдөлмөр, оюун ухаанаа дайчлан ажилласан үе үеийнхний амжилт бүтээл, эх орны хөгжлийн тулгуур, наран ургах зүгийн их хотын хөгжил цэцэглэлтийг үнэлэн Монгол улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 83 дугаар зарлигаар Чойбалсан хотыг Төрийн дээд шагнал “ЦЭРГИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор шагнасан юм. Үүнтэй холбогдуулан жил бүрийн 09 дүгээр сарын 28-ны өдрийг “Алдар гавъяаны баярын өдөр”, Чойбалсан хотын баярын өдөр буюу төрсөн өдөр болгон тэмдэглэж байхаар заншсан билээ.

Эх сурвалж: www.discover-dornod.mn


Хуваалцах

Сэтгэгдэл байхгүй байна

ХАРИУ ҮЛДЭЭХ