БАЙГАЛЬ ОРЧНЫ АУДИТЫН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ТАЛААР ДУГУЙ ШИРЭЭНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Канад улсын Гадаад хэргийн яамны санхүүжилттэй “Монгол улсын олборлох салбарын менежментийг бэхжүүлэх” /СЕСМИМ/ төслөөс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсан “Байгаль орчны аудит” дугуй ширээний хэлэлцүүлэгт Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар оролцлоо.

Тус хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний аудитын газар,  Канадын элчин сайдын яам, 7 аймгийн БОАЖГазар, Налайх дүүрэг, Байгаль орчны аудитын холбоо, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, уул уурхайн аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, Байгаль хамгаалах тухай хуулийн 101 дүгээр зүйл, холбогдох журамд заасан “Байгаль орчны аудит”-ын эрх зүйн орчин бүрдсэн эсэх, хэрэгжилтэд гарч байгаа эерэг болон сөрөг нөлөөлөл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

z

Байгаль орчин, аялал жуулчлалын яам Байгаль орчны аудитын эрх зүйн орчин бүрдсэн гэж үзэж байгаагаа хэлэлцүүлэгт оролцогчдод мэдээлсэн ч аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар, Байгаль орчны аудитын холбоо, СЕСМИМ төсөл, аж ахуйн нэгжүүд эрх зүйн орчинд нэмэлт өөрчлөлт хийх замаар хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байв.

Цаашид СЕСМИМ төсөлтэй хамтран орон нутгийн байгаль орчны чиглэлээр ажиллаж байгаа төрийн албан хаагч, уул уурхайн аж ахуйн нэгжүүдийг чадавхжуулах, нэгдсэн ойлголттой болгоход чиглэсэн сургалтыг 2017 онд багтаан зохион байгуулахаар боллоо.

Байгаль орчин, аялал жуулалын яам, Монголын аудитын холбоотой хамтран байгаль орчны аудитор бэлтгэх сургалтыг зохион байгуулснаар “Байгаль орчны аудит” хийх мэргэжлийн байгууллагын эрхийг одоогоор улсын хэмжээнд 23 аж ахуйн нэгж авсан байна.

Байгаль орчны салбарт 5 жил ажилласан хүн аудитор, 8 жил ажилласан хүн ахлах аудитор болох нөхцлийг хангадаг бөгөөд эрх олгох сургалтад хамрагдаж тэнцснээр Байгаль орчны аудитор болох боломжтой юм.


Хуваалцах

Сэтгэгдэл байхгүй байна

ХАРИУ ҮЛДЭЭХ