Чойбалсан хотын Ерөнхий боловсролын 3 сургуульд “Эко сургууль” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Монгол Улсын Их Хурлын 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 43 дугаар тогтоолоор батлагдсан “Ногоон хөгжлийн бодлого”-ын Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхтэй холбогдуулан аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газар, , Боловсрол, соёл урлагийн газрууд “Байгаль Орчны Мэдээлэл Сургалтын Төв”-тэй хамтран “ЭКО СУРГУУЛЬ ХӨТӨЛБӨР”-ийг 2017 оны 04 дүгээр сарын 04-05 өдрүүдэд Дорнод аймгийн ерөнхий боловсролын 2, 5, 8-р сургуулиудийн захирал, менежер, байгалийн ухааны багш, нийгмийн ажилтан, бага, дунд ангийн багш, сурагчдын төлөөлөл нийт 50 хүнийг хамруулан зохион байгуулагдлаа.

Тус “Байгаль Орчин Мэдээлэл Сургалтын Төв” нь 2002 оноос эхлэн 15 дахь жилдээ олон улсын эко сургууль хөтөлбөрийг Монгол Улсын хэмжээнд нийт 203 сургууль дээр хэрэгжүүлээд байгаа байгууллага юм. Дорнод аймгийн хувьд 2016 оноос эхлэн Баян-Уул, Цагаан-Овоо сумын ерөнхий боловсролын сургуулиуд дээр энэхүү хөтөлбөр төсөл хөтөлбөрүүдийн шугамаар хэрэгжиж эхэлсэн бол өнөөдөр аймаг орон нутгаас санаачлагаар Чойбалсан хотын төвийн дээрх 3 сургуулийг түшиц эко сургууль болгохоор зорин ажиллаж байна. Бусад аймгуудын хувьд энэ хөтөлбөрийг зөвхөн төслийн шугамаар хэрэгжүүлж байсан бол анх удаа орон нутгийн төсвөөр буюу байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлаар Дорнод аймагт хэрэгжиж байгаагаараа онцлог юм.

Уг хөтөлбөр нь сурагчдын оролцоонд тулгуурлан тэдний идэвхи санаачлагыг хөхиүлэн дэмжих замаар хүүхэд, залуус, эцэг, эх, тухайн орон нутгийн нийт иргэдэд тогтвортой хөгжлийн талаарх ойлголт, мэдлэг эзэмшүүлж, тэдний зан үйл, хандлагыг нь өөрчлөхөд чиглэсэн байгаль орчны боловсролын олон улсын хөтөлбөр бөгөөд дээрх сонгогдсон сургуулиудын багш, сурагчдад Эко сургууль хөтөлбөрийг 2 жилийн туршид тодорхой сэдвийн хүрээнд хэрэгжүүлнэ. Энэ хугацаанд төлөвлөсөн үйл ажиллагааны дагуу үе шат бүхий сургалтуудыг хамтын ажиллагаа, харилцаа холбоондоо тулгуурлан зохион байгуулснаар дээрх сургуулиуд нь Дорнод аймгийнхаа түшиц Эко сургуулиуд болох юм. Эко сургуулийн сурагчид хүрээлэн буй орчны талаарх шинээр олж авсан мэдлэгээ сурагчид, багш, ажилчид болон олон нийт сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглан, танхимд сурсан хичээлээ практик үйл ажиллагаатай холбож өөрөөр хэлбэл, байгаль орчноо хамгаалах, эрүүл зөв амьдралын хэв маягтай болох, асуудал шийдвэрлэхэд бүтээлчээр хэрэглэдэг болно.

Энэ удаагийн 2 өдрийн сургалтаар суралцагчид уур амьсгалын өөрчлөлт, өнөөгийн байдал, тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн талаарх ойлголт, эко сургууль хөтөлбөрийн 7 алхам, хүрээлэн буй орчны үнэлгээ хийх арга зүйд суралцаж, өөр өөрийн сургуулийн гадна орчны үнэлгээг хийж, нэгтгэн боловсруулах дадлага ажил хийлээ.

Сургалтаас гарсан санал санаачлагад үндэслэн Дорнод аймгийн Эко сургууль дэд хөтөлбөр боловсруулах, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар сургуулиудтай санамж бичиг байгуулж ажиллахаар боллоо.

 


Хуваалцах

Сэтгэгдэл байхгүй байна

ХАРИУ ҮЛДЭЭХ